Одоогийн үнэлгээ:
Үнэлэх:
Нийтлэгдсэн огноо: 2012 оны 3 сарын 16

Дахиад л халамж...

Манайх “халамжийн улс” болчихлоо гэх шүүмжлэл бишгүй. Арга ч үгүй, 2.7 сая хүн амынх нь сая гаруй нь халамж, дэмжлэгт ямар нэг хэмжээгээр хамрагдсан байдаг улсыг “халамжийн” гэж тодотгохоос өөр яалтай. Төр мэдээж иргэддээ халамж, дэмжлэг үзүүлэлгүй яахав. Гэхдээ нэн ядуу, хөгжлийн бэрхшээлтэй, ахмад настан гээд халамж хүртэх ёстой хэсэгт л дэмжлэг үзүүлэхээс биш хавтгайруулдаг нь бэлэнчлэх сэтгэлгээг өөгшүүлсээр.

Саяхан УИХ-ын нэр бүхий гишүүд Нийгмийн даатгалын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах хуулийн төслийг өргөн барьжээ. Энэ хуулийн төсөлд 35-55 хүртэлх насны эмэгтэй, 45-60 хүртэлх насны эрэгтэй ажилгүй иргэнийг ажлын байраар хангасан ажил олгогчоос төлбөл зохих нийгмийн даатгалын шимтгэлийг төрөөс хариуцаж байхаар тусгажээ. Мэдээж энэ нь ажилгүйдлийг бууруулахын зэрэгцээ ажил олгогчдод ашигтай. Өөрийнх нь өмнөөс төр шимтгэл төлөх учраас ажил олгогч дээрх насны хүмүүсийг ажлын байраар хангахад асуудалгүй. Ер нь бол аж ахуйн нэгж байгууллагуудын нийгмийн даатгалын шимтгэлийн өрийн хуримтлал их. Ажил олгогчид ажиллагсдынхаа нийгмийн даатгалын шимтгэлийг төлөхгүй байх, эсвэл бага цалингаар тооцож шимтгэл төлөх сонирхол хаа сайгүй. Ийм байдлыг дээрх хууль нэг талаар залруулах байх.

Гэвч нөгөө талаас нь харахаар өнөөх л бэлэнчлэх сэтгэлгээг өөгшүүлэх арга хэмжээ. Тэртэй тэргүй тухайн компанид ажиллаж, ашиг орлогы нь арвижуулж байгаа ажиллагсдынхаа өмнөөс ажил олгогч нийгмийн даатгалын шимтгэл төлөх үүрэгтэй. Ажилтан ч өөрийнхөө зүгээс шимтгэл төлдөг. Гэтэл нас заагаад, тэр хүний шимтгэлийг төр хариуцна гэдэг нэг л зохисгүй. Хүнийг нас, зүсээр нь ялгаварлан гадуурхахгүй гэсэн Үндсэн хуулийн заалтаа эрхэм гишүүд өөрсдөө зөрчсөн харагдаж байна.
Суурь тэтгэврийн тухай хуулийг ч энд хөндмөөр байна. Ажил огт хийж байгаагүй гар амар, хөл хөсөр “жаргасан” нөхөр насны эцэст суурь тэтгэвэр аваад сууж байх нь зөв үү. Төр иргэнээ ядуурлаас хамгаалах, харж хандах үүрэгтэй. Гэхдээ амьдралынхаа туршид өөрийнхөө өмнө, гэр бүлийнхээ өмнө хариуцлага хүлээж байгаагүй, улс орныхоо төлөө биш гэхэд өөрийнхөө төлөө ядаж ажил хийж байгаагүй хүнд суурь тэтгэвэр өгнө гэдэг...
Ажил хийхийн ашиг тус, үнэ цэнийг мэдрээгүй хүн, ирээдүйнхээ төлөө санаа зовоогүй нөхөр төрөөс өгч байгаа суурь тэтгэврийн ач тусыг ойлгох болов уу даа. Өгөх л ёстой, авах л ёстой юм шиг хандах биз. “Ажил хийж яах юм, төр миний өмнөөс шимтгэл төлнө, суурь тэтгэвэр өгчихнө” гэсэн хандлага, ойлголт, буруу жишиг тогтох вий.

Ерөөс хавтгайрсан халамж дэмжлэг, төр юм бүхний урдуур гүйж ороод байдгийг болимоор. УИХ-ын ээлжит бус чуулганаар батлагдсан Халамжийн хууль ч ялгаагүй. Нэн ядуу өрхийн насанд хүрсэн хүнд долоо, хүүхдэд 10 мянган төгрөг өгөх заалттай. Сар бүр л дээ. Гурван хүүхэдтэй аав, ээж бол сард 44 мянган төгрөг авах нь. Ёстой хоног өдрөө л аргацаах байх даа. Ингэж өөх ч биш булчирхай ч биш, өнөөх “хуушуурын үнэ” гэдэг шиг юм сар бүр өгсөн болж байхаар арай далайцтай бодлого хэрэгжүүлж болдоггүй юм уу. Нэн ядуу, дээр нь хөгжлийн бэрхшээлтэй ганц бие хүн сард авах тэр долоон мянган төгрөгөөр юу хийх вэ. Ардаа барих уу, урдаа барих уу.

Д.Энэрэл
Мэдээний линк: http://politics.time.mn/content/8794.shtml
LIKE дарж дэмжээрэй.
Түгээх
Сэтгэгдлийг ачааллаж байна ...