Одоогийн үнэлгээ:
Үнэлэх:
Нийтлэгдсэн огноо: 2012 оны 1 сарын 13

“Оюутны 70 мянга”-ыг байнгын хороонд шилжүүллээ

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Засгийн газраас өргөн мэдүүлсэн Боловсролын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай, Дээд боловсролын  тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийг хэлэлцэн холбогдох байнгын хороонд шилжүүллээ. Байнгын хорооноос УИХ-ын хэлэлцүүлэгт оруулахаар бэлтгэсний дараа чуулганаас соёрхон баталж, улмаар Засгийн газраас тусгай журам гаргаж байж оюутнууд сар бүрийн 70 мянган төгрөгөө авах эрхтэй болох юм.

Хэлэлцүүлгийн шатанд УИХ-ын гишүүн Д.Тэрбишдагва “Хуулийн төсөлд багш нарын зарим асуудлыг тусгахдаа ялгавартай хандсан байна” гээд “Сумын төвийн асуудал аймгийн төвийнх тусдаа, олон хүн амтай газрын багш байлаа гэхэд хаа байсан хотоос онцлогийг нь үл харгалзан томилоод байгаа нь буруу юу” гэж лавлав. Үүнд БСШУ-ы сайд Ё.Отгонбаяр “Таван жилийн нэмэгдэл олгож буй багш нарын тухайд хөдөө орон нутагт ажиллаж байгаа багш нарын тогтвортой байдлыг харгалзан уг нөхцөл анх орж ирсэн. Томилолтын тухайд хуулинд нь тэгээд заачихсан” гэж хариулав.

Мөн УИХ-ын гишүүн Я.Батсуурь Монголын их, дээд сургуулиудын дипломыг гадаадад хүлээн зөвшөөрдөггүй тухай дурдаж, энэ тал дээр ямар арга хэмжээ авбал зохилтойг салбарын сайдаас асуусан. Түүнчлэн шинжлэх ухаан, технологийн чиглэлээр их, дээд сургуулиудын хийж буй дэвшилтэт сургалт, судалгааны ажлуудыг үйлдвэрлэлд нэвтрүүлэхийн тулд тодорхой төсөв гаргаж, сургуулиудад зарим талаар үр ашгийг нь хүртээж байх чиглэлд ямар зүйл тусгав гэдгийг тодруулсан. Үүнийг УИХ-ын гишүүн Н.Ганбямба “Баялаг бүтээдэггүй салбарын төгсөгчид хэт их байгаа. Хуучин тогтолцооны эдийн засгийг боловсролын салбараас шахах ёстой. Мөн төрийн албан хаагчдыг бизнес хийх боломжоор тодорхой хязгаарлалтын хүрээнд хийж яагаад болохгүй” гэж хэмээн дэмжсэн.
Ингээд чуулганаар Боловсролын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэж байгаад ардчилсан шинэ Үндсэн хууль батлагдсаны 20 жилийн ойд зориулсан хүндэтгэлийн хурал Төрийн ордны их танхимд болохтой холбогдуулан хуралдаан түр завсарлалаа.

                                            М.Хангал
Мэдээний линк: http://politics.time.mn/content/5338.shtml
LIKE дарж дэмжээрэй.
Түгээх
Сэтгэгдлийг ачааллаж байна ...