
Ардчилсан нам ҮЗХ-ны хуралдаанаараа хамтарсан Засгийн газраас гарах шийдвэр гаргаснаа албан ёсоор мэдээллээ. Төрийн ордонд дөнгөж сая АН-ын дарга Н.Алтанхуяг, АН-ын ерөнхий нарийн бичгийн дарга Д.Эрдэнэбат, УИХ дахь АН-ын бүлгийн дарга Ч.Сайханбилэг нар ийнхүү мэдээлэв.
АН-ын дарга Н.Алтанхуяг “АН түүхэн үүргээ гүйцэтгэж, ард түмэн, эх орныхоо төлөө хангалттай сайн ажилласан гэж үзэж хамтарсан Засгийн газраас гарах шийдвэрийг санал нэгтэйгээр гаргалаа” хэмээгээд ҮЗХ-ны гишүүдийн баталсан шийдвэрийг уншиж танилцуулсан юм. Тэрбээр “Ард түмнийхээ аж амьдралыг дээшлүүлж, ядуурлыг бууруулах, үйлдвэрлэлийг эрчимтэй хөгжүүлж ажлын байр буй болгох нөхцөлийг бүрдүүлэх, ашигт малтмалын орлогоос иргэн бүрт хүртээх чадавхи бүхий зах зээлийн зарчимд нийцсэн үсрэнгүй хөгжсөн эдийн засгийг цогцлоон байгуулах, шударга ёс тогтоож, ардчилал, хүний эрхийг хамгаалах, хариуцлагын тогтолцоог төгөлдөржүүлэх, авлига, хүнд суртлыг арилгах, УИХ-ын 2008 оны сонгуульд дэвшүүлсэн мөрийн хөтөлбөрөө хэрэгжүүлэх, ард түмэнд амласан амлалтаа хэрэгжүүлэх зорилгоор АН хамтарсан Засгийн газарт орж ажиллахаар шийдвэрлэсэн билээ.
Энэ хугацаанд манай намын мөрийн хөтөлбөрт орсон байгалийн баялгийг Эрдэнийн хувь, хувьцаа хэлбэрээр бүх иргэддээ үнэгүй эзэмшүүлэх, дэлхий дахиныг хамарсан банк санхүүгийн хямралыг богино хугацаанд хохирол багатайгаар даван туулах, сонгуулийн тогтолцооны шинэчлэлийг эхлүүлэх, иргэний ухаалаг үнэмлэх, санал тоолох машин зэрэг сонгуулийн шударга тогтолцоог хангах нөхцөлийг бүрдүүлэх, орон нутагт төсвийн бодитой эрх мэдлийг шилжүүлэх, МСҮТ-д суралцагчдын тоог гурав дахин нэмэгдүүлэх, эрүүл мэндийн салбарын хөрөнгө оруулалтыг шийдэх, “Монгол мал” хөтөлбөр, жижиг, дунд үйлдвэрийн санхүүжилтийг бүрдүүлэх зэрэг олон асуудлыг шийдвэрлэж чадлаа.
Гэсэн хэдий ч Ардчиллын үнэт зүйлс алдагдаж, нийгэмд шударга бус байдал даамжирч, ард түмний амьдрал улам дордож хууль хяналтын байгууллагын шинэчлэл, авлига хээл хахуультай хийх тэмцэл зогсонги байдалд орж, шударга ёсыг тогтоох ажилд ахиц дэвшил гаргахгүй байна.
“Шинэ бүтээн байгуулалт”, 100 мянган айлын орон сууц, хурдны зам, төмөр зам зэрэг дэд бүтцийг хөгжүүлэх том төслүүдийн бодлогын баримт бичиг нь батлагдан санхүүжилт нь шийдэгдэх боломж байсаар байтал Засгийн газар бодит ажил хэрэг болгож чадсангүй. Иймд Монголын ард түмний нийтлэг эрх ашгийг эрхэмлэн нийгмийн захиалгын дагуу АН улстөрийн шийдвэр гаргаж, хамтарсан Засгийн газраас гарах нь зүйтэй гэж үзлээ” хэмээлээ.
М.Хангал