Эхлэл - Улс төр - Засгийн газар
Одоогийн үнэлгээ:
Үнэлэх:
Нийтлэгдсэн огноо: 2014 оны 2 сарын 17

Төрийн байгуулалтын байнгын хороо 12 удаа хуралдаж, 40 асуудал хэлэлцэн шийдвэрлэжээ

-ТӨРИЙН БАЙГУУЛАЛТЫН БАЙНГЫН ХОРООНООС 2013 ОНЫ
НАМРЫН ЧУУЛГАНЫ ХУГАЦААНД ХИЙСЭН АЖЛЫН ТАЙЛАН-

Улсын Их Хурлын Төрийн байгуулалтын байнгын хороо 2013 оны намрын чуулганы хугацаанд өөрийн үйл ажиллагаагаа хууль, Улсын Их Хурлын бусад шийдвэрийн төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх, хуулийн хэрэгжилтийг зарим байгууллагад танилцах, Улсын Их Хурлаас баталсан хууль, тогтоомжийг олон нийтэд сурталчлан таниулах, холбогдох хуулийн төслийн талаар иргэд, орон нутгийн байгууллагаас саналыг авч, хэлэлцүүлэгт байгаа төсөлд тусгах талаар санал боловсруулах, олон улсын байгууллагын болон гадаад орны төлөөлөгчидтэй хамтын ажиллагаагаа өргөжүүлэх, гишүүдийг шаардлагатай судалгаа, лавлагаа, мэдээллээр хангахад чиглүүллээ.

Төрийн байгуулалтын байнгын хороо намрын ээлжит чуулганы хугацаанд нийт 12 удаа хуралдаж, Байнгын хорооны гишүүдийн 63.8 хувийн ирцтэйгээр, 17 цаг 40 минут хуралдаж, 40 асуудлыг хэлэлцэн шийдвэрлэв. Байнгын хорооны хуралдаанаар давхардсан тоогоор 29 хуулийн төсөл, Улсын Их Хурлын тогтоолын төсөл 7, Байнгын хорооны 7 тогтоол, тайлан, мэдээлэл 1, хуулийн хэрэгжилттэй танилцсан дүн 1, албан тушаалтны асуудал 1, Байнгын хорооны төлөвлөгөө 1-ийг тус тус хэлэлцэж, 22 санал, дүгнэлт гаргалаа. Мөн Улсын Их Хурлын даргын 6 захирамжийн төсөл боловсруулж, баталгаажуулсан байна.

Байнгын хорооноос хэлэлцэх эсэх асуудлаар 16, анхны хэлэлцүүлэг хийсэн талаар 5 санал, дүгнэлт, эцсийн хэлэлцүүлгийн танилцуулга 1-ийг гарган Улсын Их Хурлын чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулсан. Байнгын хорооны анхны хэлэлцүүлэг хийх үед Ажлын хэсгээс гаргасан 13 зарчмын зөрүүтэй саналын томьёоллоор санал хураасны 7 зарчмын зөрүүтэй санал нь хуралдаанд оролцсон гишүүдийн олонхийн саналаар дэмжигдлээ. Байнгын хорооны хуралдаанаас хэлэлцсэн асуудлаар Засгийн газарт тэмдэглэлээр 2 удаа үүрэг өгсөн болно.

Байнгын хорооны нэр дээр байгууллага, аж ахуйн нэгж, иргэдээс 35 албан бичиг, 4 өргөдөл ирж, асуудлыг тухай бүр нь шийдвэрлэж, хариуг өгсөн болно.

Хууль, тогтоолын төслийн хэлэлцүүлгийн mалаар:

Байнгын хорооны болон чуулганы нэгдсэн хуралдаанаар дараах асуудлуудыг хэлэлцэв. Үүнд:

-Нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийн тухай хуульд нэмэлт оруулах тухай, Хөдөлмөрийн тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслүүдийг хэлэлцэж батлуулсан.

Төрийн байгуулалтын байнгын хороон дээр Улсын Их Хурлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл 7, Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл 5 байснаас, Улсын Их Хурлын гишүүн Б.Ганбат, С.Баярцогт нараас өргөн мэдүүлсэн 2 төслийг хэлэлцэж эхлээгүй, доор дурдсан 1 төслийг хууль санаачлагчид буцааж, 2 төслийг төсөл санаачлагчид татан авсан болно.Үүнд:

-Монгол Улсын Ерөнхийлөгчөөс өргөн мэдүүлсэн Монгол Улсын Засгийн газрын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Монгол Улсын Их Хурлын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийн хэлэлцэх эсэх асуудлыг Улсын Их Хурлын нэгдсэн хуралдаанаар 2013 оны 12 дугаар сарын 27-ны өдөр хэлэлцэн Төрийн байгуулалтын байнгын хороонд шилжүүлсэн бөгөөд Байнгын хороо 2014 оны 1 дүгээр сарын 14-ний өдрийн хуралдаанаараа хуулийн төслүүдийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийсэн. 2014 оны 1 дүгээр сарын 23-ны өдрийн чуулганы нэгдсэн хуралдааны хэлэлцүүлгийн явцад Улсын Их Хуралд дахь Ардчилсан намын бүлгээс завсарлага авсан болно.

-Улсын Их Хурлын гишүүн С.Бямбацогт, Ж.Батзандан, Б.Бат-Эрдэнэ, Г.Баярсайхан, Д.Сарангэрэл, Г.Уянга, Л.Энх-Амгалан нарын 2013 оны 1 дүгээр сарын 10-ны өдөр өргөн мэдүүлсэн Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд нэмэлт оруулах тухай хууль, А.Бакей, Д.Эрдэнэбат, Н.Батцэрэг нарын 2013 оны 12 дугаар сарын 16-ны өдөр өргөн мэдүүлсэн Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийн нэгтгэсэн төслийг Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.1 дэх хэсэгт заасны дагуу хууль санаачлагчид 2014 оны 1 дүгээр сарын 14-ний өдрийн Байнгын хорооны хуралдааны үед татан авсан.

-Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай Улсын Их Хурлын гишүүн Р.Бурмаагаас өргөн мэдүүлсэн хуулийн төслийг чуулганы нэгдсэн хуралдаанд оролцсон гишүүдийн олонх хэлэлцэхийг дэмжээгүй тул хууль санаачлагчид нь буцаасан.

-Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуульд нэмэлт оруулах тухай, Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуулийн төслүүд /Улсын Их Хурлын гишүүн Ж.Батзандангаас өргөн мэдүүлсэн/ Байнгын хорооны анхны хэлэлцүүлэгт байна.

-Төсвийн албаны эрх зүйн байдлын тухай хуулийн төсөл, Төрийн албаны тухай хуульд нэмэлт оруулах тухай, Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн зарим заалтыг хүчингүй болсонд тооцох тухай хуулийн төслүүдийг хэлэлцэж, Төрийн байгуулалтын байнгын хороо болон Төсвийн байнгын хорооны хамтарсан ажлын хэсгийг байгуулан ажиллуулахаар шийдвэрлэв.

-Монгол Улсын 2013 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Нийгмийн даатгалын сангийн 2013 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Хүний хөгжил сангийн 2013 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүд, Монгол Улсын 2014 оны төсвийн тухай, Нийгмийн даатгалын сангийн 2014 оны төсвийн тухай, Хүний хөгжил сангийн 2014 оны төсвийн тухай хуулийн төслүүдийг холбогдох байгууллагын удирдлагуудын оролцуулан хэлэлцэж, санал, дүгнэлтээ гаргасан болно.

-Үндэсний их баяр наадмын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай /Улсын Их Хурлын гишүүн Р.Гончигдорж нараас өргөн мэдүүлсэн/ төслийн хэлэлцэх эсэхийг Байнгын хорооны хуралдаанаас дэмжсэн.

-Улсын Их Хурлын даргад Улсын Их Хурлын гишүүн Р. Амаржаргалаас Улсын Их Хурлын гишүүнээс чөлөөлөгдөх хүсэлт гаргасныг Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаанаар хэлэлцэж, чуулганы нэгдсэн хуралдаанд оруулсан бөгөөд энэ хүсэлтийг Байнгын хорооны болон чуулганы нэгдсэн хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжээгүй.

-Хяналтыг хэрэгжүүлэх журмын тухай болон холбогдох 83 хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг Байнгын хорооны хуралдаанаас дэмжиж, чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлсэн боловч гишүүдийн олонхийн дэмжлэгийг аваагүй тул төсөл санаачлагчид буцаасан болно.

-Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуульд нэмэлт оруулах тухай Улсын Их Хурлын гишүүн О.Баасанхүү нарын өргөн мэдүүлсэн хуулийн төслийг хэлэлцэж, төсөл санаачлагчид анхны хэлэлцүүлгийн үед төслөө татан авсан. -Үндэсний их баяр наадмын тухай /шинэчилсэн найруулга/, Үндэсний их баяр наадмын тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай, Үндэсний их баяр наадмын тухай хуулийг хүчингүй болсонд тооцох тухай хуулийн төслүүдийг Байнгын хороогоор хэлэлцэх явцад хууль санаачлагчид нь хойшлуулах санал гаргаж, дараа нь төслөө татан авсан.

-Зарим байнгын хорооны бүрэлдэхүүнд өөрчлөлт оруулах тухай, Зарим байнгын хорооны дарга нарыг сонгох тухай, Төрийн байгуулалтын байнгын хорооны даргыг сонгох тухай зэрэг Улсын Их Хурлын тогтоолын төслүүдийг хэлэлцэн батлуулсан.

-Улсын Их Хурлын 87 дугаар тогтоолын хавсралтад нэмэлт, өөрчлөлт оруулах тухай Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцэн батлуулж, Шүүхийн ерөнхий зөвлөл, Үндэсний статитистикийн хорооны дэргэд Төрийн албаны салбар зөвлөл байгуулагдахаар шийдвэрлэгдэв.

-Улсын Их Хурлын 2014 оны хаврын ээлжит чуулганаар хэлэлцэх асуудлын тухай Улсын Их Хурлын тогтоолын төслийг Байнгын хорооноос бэлтгэж, ээлжит бус чуулганаар хэлэлцэгдэхээр хойшлогдоод байна.

-“Говь-Алтай аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн зардал батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл /Сонгуулийн ерөнхий хорооноос санал болгосон/ хэлэлцэж тэмдэглэлийг хүргүүлсэн.

-VIII Богд Жавзандамба хутагтад зориулан хөшөө босгох саналыг холбогдох байгууллага, иргэдээс гаргаж байгааг дэмжин, Байнгын хорооны тогтоол гаргаж, Засгийн газарт чиглэл өгсний дагуу Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээсний баярын өдөр буюу 2013 оны 12 дугаар сарын 29-ний өдөр хөшөөний шавийг тавьсан болно.

-Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хууль, Төсвийн тухай хуулийн хэрэгжилт, хууль сурталчлах, иргэдийн оролцоог хангах чиглэлээр хийгдэж байгаа ажилтай Төв, Хэнтий, Ховд аймаг, Нийслэлийн Баянгол, Сүхбаатар, Хан -Уул дүүргүүдийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал болон Улсын Их Хурлын үйл ажиллагааг сурталчлах төвийн ажилтай Байнгын хорооны гишүүд танилцаж, иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын төлөөлөгчид, Засаг даргын Тамгын газрын ажилтнууд, баг, хорооны Засаг дарга, иргэдийн нийтийн Хурлын дарга, тэргүүлэгч нийт 300 гаруй хүнтэй уулзаж, санал хүсэлтийг нь сонсож, тавьсан асуултуудад зохих хариултуудыг өгсөн болно. Зарим аймаг, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын үйл ажиллагаатай танилцсан дүнг Байнгын хорооны хуралдаанаар хэлэлцэж, Монгол Улсын Засгийн газарт чиглэл өгсөн тогтоол гаргалаа.

-Ухаалаг төр рүү шилжих Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачлагыг дэмжих үйл ажиллагааны хүрээнд Төрийн байгуулалтын байнгын хорооноос 2014 онд хийх ажлын төлөвлөгөөний төслийг хэлэлцэн баталлаа.

-Улсын Их Хурлын тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.5 дах хэсгийн дагуу Улсын Их Хурлын Тамгын газрын 2012 оны үйл ажиллагааны тайлан, санхүүгийн болон аудитын тайланг Төрийн байгуулалтын байнгын хороонд танилцуулав. Байнгын хорооны хуралдаанаас Улсын Их Хурлын Тамгын газрын ажлыг эрчимжүүлэх чиглэлээр тэмдэглэлээр үүрэг өгөх нь зүйтэй гэж шийдвэрлэсэн болно.

Ажлын хэсгүүдийн үйл ажиллагааны талаар:

Намрын ээлжит чуулганы хугацаанд хууль, Улсын Их Хурлын бусад шийдвэрийн төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх болон боловсруулах үүрэг бүхий 6 ажлын хэсэг байгуулагдан ажиллав.

Мөн Улсын Их Хурлын даргын захирамжаар байгуулагдсан Монгол Улсын Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах эсэх асуудлыг судалж дүгнэлт гаргах ажлын хэсэг, Сонгуулийн хуулийн нэгдсэн төслийг боловсруулах үүрэг бүхий ажлын хэсэг, Улс төрийн намын тухай болон Улс төрийн намын санхүүжилтын тухай хуулийн төслийг боловсруулах үүрэг бүхий ажлын хэсэг тус бүр 2 удаа хуралдаж, холбогдох байгууллага, мэргэжлийн судлаачидтай хамтран ажиллаа. Дээрх ажлын хэсгүүдээс дараах хэлэлцүүлгүүдийг зохион байгуулсан болно. Үүнд:

-Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах эсэх асуудлыг судалж, дүгнэлт гаргах үүрэг бүхий ажлын хэсгээс судалгааны баг ажиллуулж, “Ардчилсан засаглалын институцын хөгжил 1992-2012 сургамж ба шинэтгэлийн санал” судалгааны явцын тайланг бэлтгүүлэн, эрдэмтэн, судлаачид, холбогдох хүмүүсийг оролцуулсан хэлэлцүүлгүүдийг зохион байгуулж байна.

-Сонгуулийн нэгдсэн хуулийн төсөл боловсруулах ажлын хэсгээс Канадын элчин сайдын яамтай хамтран “Сонгуулийн санхүүжилт-шинэчлэлийн асуудал” сэдэвт семинарыг зохион байгуулав.

-Монгол Улсын сонгуулийн нэгдсэн хуулийн төслийг боловсруулах үүрэг бүхий ажлын хэсэг хуралдаанаараа нэгтгэх хуулиудын ижил төстэй болон зөрчилтэй заалтуудын жагсаалт гаргах техникийн ажлын хэсгийг байгуулж, энэ ажлын дэд хэсэг 2 удаа хуралдан одоо хүчин төгөлдөр үйлчилж байгаа 4 хуулийн 1000 орчим заалтыг харьцуулан 400 орчим хуудас лавлагааг бэлтгэж, ажлын хэсгийн гишүүдэд хүргүүлсэн болно. Дэд ажлын хэсэг дээрх хуулиудын төслийг нэгтгэхдээ сонгуулийн үндсэн зарчим, иргэдийн сонгох сонгогдох эрх, түүний баталгаа, сонгуулийн хэлбэр, төрөл, зүйл, сонгуулийн үйл ажиллагааг хэрэгжүүлэхэд баримтлах зарчим, гадаадад байгаа иргэдийн санал авах, сонгуулийн зардал, түүний хэлбэр, сонгогчдийн нэрийн жагсаалт, сонгогч шилжих, сонгуулийн мөрийн хөтөлбөр, сурталчилгаа, санал авах ажиллагаа, сонгуулийг ажиглах, сонгогч саналаа өгөх, зөөврийн битүүмжилсэн саналын хайрцгаар санал өгөх зэрэг асуудлуудыг нэгтгэх бүрэн боломжтой гэж үзсэн болно.

-Монгол Улсад үйл ажиллагаа явуулж байгаа бүх улс төрийн намын дарга, нарийн бичгийн дарга нарын оролцуулан “Улс төрийн намын тухай хуулийг шинэчлэхтэй холбогдуулан нээлттэй хэлэлцүүлгийг зохион байгуулав.

Улс төрийн намын тухай хууль батлагдан хэрэгжиж ирсэн 8 жилийн хугацаанд Монгол Улсад үйл ажиллагаа явуулж буй намуудаас одоогийн мөрдөгдөж байгаа хуулийг хэрэгжүүлэх хугацаанд ямар хүндрэл, бэрхшээл учирч байсан, шинээр ямар зохицуулалтыг зайлшгүй хуульд тусгах талаар саналаа ирүүлэх тухай албан бичгийг Ажлын хэсгээс бүх намуудад хүргүүлсэн болно.

Улс төрийн намын болон Улс төрийн намын санхүүжилтын тухай хуулийн төслийг боловсруулах үүрэг бүхий ажлын дэд хэсэг 3 удаа хуралдаж, хуулийн төслийг боловсруулах баримтлах зарчим, чиглэлийн талаар ярилцаж, намуудаас ирүүлсэн санал дээр ажиллаж байна.

Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуульд нэмэлт оруулах тухай, Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуулийн төслүүдийг хэлэлцүүлэгт бэлтгэх ажлын хэсэг болон түүний дэд хэсэг 7 удаа, Төрийн байгууллагууд өөрт ногдуулсан чиг үүргийг хэрэгжүүлэхдээ үйл ажиллагаагаа хэрхэн уялдуулж байгааг судлан дүгнэлт гаргаж, саналын төсөл боловсруулах үүрэг бүхий ажлын хэсэг 6 удаа, Төрийн албаны тухай хуулийн төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх ажлын хэсэг 1 удаа, Ухаалаг төр рүү шилжих талаар Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачлагыг тус Байнгын хорооны эрхлэх асуудлын хүрээнд дэмжин эрчимжүүлэх чиглэлээр тодорхой бодлого, арга хэмжээний төсөл боловсруулах үүрэг бүхий ажлын хэсэг 2 удаа, нийт 25 удаа хуралдаж, холбогдох санал, тогтоолын төсөл, төлөвлөгөөөг боловсруулсан болно.

Хяналт шалгалтын ажлын талаар:

-Засгийн газрын мөрийн хөтөлбөр, төсөв, эдийн засаг, нийгмийг хөгжүүлэх үндсэн чиглэл болон салбарын бодлогыг төрийн байгууллагууд өөрт ногдуулсан чиг үүргийн хүрээнд хэрхэн уялдуулж байгааг судлан дүгнэлт гаргаж, саналын төсөл боловсруулах ажлын хэсэг зарим яамд, Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын үйл ажиллагаатай танилцаж Байнгын хорооноос гарах тогтоолын төслийг боловсруулаад байна.

-Хэнтий, Төв, Ховд аймаг, Нийслэлийн Баянгол, Сүхбаатар, Хан-Уул дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын үйл ажиллагаатай танилцаж, дүнг Байнгын хорооны хуралдаанаар хэлэлцүүлэв.

Бусад ажлын талаар:

-Улсын Их Хурлын Тамгын газрын Хяналт үнэлгээний хэлтэстэй хамтран Улсын Их Хуралд ажлаа шууд хариуцан тайлагнадаг байгууллагын удирдлагуудад зориулсан “Байгууллагын үйл ажиллагаанд системчилсэн үнэлгээ хийх” аргачлал сургалтыг зохион байгуулав.

-Нутгийн удирдлагын дэд хороо, Монголын нутгийн удирдлагын холбоо хамтран Конрад-Аденауэрийн сангийн дэмжлэгтэйгээр “Иргэддээ тулгуурласан, чадвартай, хариуцлагатай иргэдийн Төлөөлөгчдийн Хурлыг төлөвшүүлэх арга зам” сэдэвт зөвлөгөөнийг зохион байгуулж, аймаг, нийслэл, сум, дүүргийн 250 гаруй хүн оролцож, нутгийн удирдлагын эрх зүйн орчинг сайжруулах асуудлаар саналаа солилцож, зөвлөмж, уриалга гаргалаа.

-Улсын Их Хурлын Тамгын газар НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөртэй хамтран хэрэгжүүлж байгаа “Нутгийн өөрөө удирдах байгууллагын чадавхыг бэхжүүлэх нь” төслийн сургагч багш нарыг бэлтгэх, Улсын ИХ Хурлын үйл ажиллагааг сурталчлах төвийн үйл ажиллагааг сайжруулах чиглэлээр ажиллаж, Ховд, Баян-Өлгий аймаг, Нийслэлийн зарим дүүргүүдийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын төлөөлөгчдийн сургалтанд оролцов.

-Улсын Их Хурлын шинэ ордны барилгыг өмнө нь Төрийн байгуулалтын байнгын хорооноос шийдвэрлэсэн газарт нь барих ажлыг 2014 оны хавраас эхлүүлэх, шаардагдах нэмэлт хөрөнгийг олох асуудлаар Монгол Улсын Засгийн газарт албан бичиг явууллаа.

-Ёс зүйн дэд хороо:

Улсын Их Хурлын гишүүдийг ёс зүйн зөрчил гаргахаас урьдчилан сэргийлэх зорилгоор хөрөнгө орлогын мэдүүлэгтэй холбогдох асуудлуудаар тараах материалыг боловсруулж гишүүдэд хүргүүлсэн бөгөөд, ёс зүйн асуудлаар хууль зүйн лавлагаа бэлтгэв.

Ёс зүйн дэд хорооноос Азийн сантай хамтран ажиллах, веб сайтыг ажиллуулж, мэдээллийг тогтмолжуулах, Улсын Их Хурлын гишүүдийн ёс зүйн асуудлаар гарын авлага бэлтгэх чиглэлээр ажиллаж байна.

-Сонгогчийн нэрсийн жагсаалт, бүртгэлийн хяналтын дэд хороо:

Сонгогчдын боловсролыг дээшлүүлэх үүднээс холбогдох эрх зүйн баримт бичгүүдээр гарын авлага бэлтгэж байна.

Сонгуулийн нэгдсэн хуулийн төсөл боловсруулах үүрэг бүхий ажлын хэсгийн шугамаар дэд хорооноос Сонгуулийн ерөнхий хороо болон Улсын бүртгэлийн ерөнхий газарт очиж ажиллахаар 2014 оны төлөвлөгөөг баталлаа.

-Нутгийн удирдлагын дэд хороо:

Зарим аймаг, дүүргийн нутгийн өөрөө удирдах байгууллага, Улсын Их Хурлын үйл ажиллагааг сурталчлах төвийн үйл ажиллагаатай танилцах, төлөөлөгчдөд зориулсан сургалт зохион байгуулах, зарим хуульд өөрчлөлт оруулахаар байгууллага, иргэдээс ирүүлсэн саналуудыг нэгтгэн судлах, холбогдох байгууллага ажлын хэсгүүдэд хүргүүлэх зэрэг ажлыг зохион байгууллаа.

Уулзалт, ярилцлагууд:

Улсын Их Хурлын Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга А.Бакей БНЧУ-ын Сенатын дэд дарга хатагтай Алена Гаядушкова тэргүүтэй төлөөлөгчдийг авч уулзаж, хоёр улс дипломат харилцаа тогтоосны 60, геологийн салбарт хамтран ажилласны таван жилийн ойн арга хэмжээ амжилттай болж өнгөрсөнийг дурьдаад, энэхүү уламжлалт харилцаагаа цаашид улам бэхжүүлж, парламент хоорондын хараилцааг өргөжүүлэх, одоо хэрэгжиж буй хөгжлийн хамтын ажиллагааны төсөл, хөтөлбөрүүдийг шинэчлэх шаардлагатай байгаа талаар санал солилцлоо.

-Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга Монгол Улсад суугаа Америкийн Нэгдсэн Улсын Азийн сангийн суурин төлөөлөгч хатагтай Мелони К.Линдберг, дэд суурин төлөөлөгч хатагтай Тирза Тениссен нартай уулзаж, Ухаалаг төр рүү шилжих Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачлагыг дэмжих үйл ажиллагааны хүрээнд хийх ажлын талаар хамтран ажиллах чиглэлээр ярилцлаа.

 ТӨРИЙН БАЙГУУЛАЛТЫН БАЙНГЫН ХОРОО
Мэдээний линк: http://politics.time.mn/content/41709.shtml
LIKE дарж дэмжээрэй.
Түгээх
Сэтгэгдлийг ачааллаж байна ...