Одоогийн үнэлгээ:
Үнэлэх:
Нийтлэгдсэн огноо: 2013 оны 5 сарын 20

Монгол Улс хоригдлуудад 12.5 тэрбум төгрөг зарцуулдаг

УИХ-ын гишүүн Ц.Оюунбадрах, Л.Цог, Ц.Цолмон нар Өршөөлийн тухай хуулийн төсөл боловсруулжээ. Тэд энэхүү хуулийн төслийн талаар сэтгүүлчдэд мэдээлэл өглөө. Уг хуулийн төслийг дэмжиж аливаа намын харьяалал харгалзалгүй МАН, АН, Шударга ёс эвсэл, бие даагчид гээд бүхий л намын төлөөлөл оролцсон гэдгийг онцлов.

Монголд үйлчилж байгаа эрүүгийн хууль хэтэрхий шоронжсон, хатуу хууль болсон учраас хоригдлууд нь хүртэл шорондоо багтахаа байсан гэв.  Одоогийн байдлаар 7000 гаруй иргэн ял эдэлдэгийн 4000 нь хүндэвтэр хэрэг үйлдэж, нийгмээс тусгаарлах шаардлагатай байдаг гэсэн судалгаа байдаг гэнэ. Харин үлдсэн гурван мянга орчим нь хөнгөвтөр хэрэг үйлдсэн, хохирлоо барагдуулаад өршөөлийн тухай хуульд хамрагдах боломжтой байдаг гэсэн юм.

Мөн Монголын төр тэр их хоригдлууддаа хэтэрхий их мөнгө зарцуулдаг гэв. Нэг хоригдолд өвөл, зуны ээлжийн хувцас гэхэд л 200 мянган төгрөг зарцуулдаг гэнэ. Мөн нэг өдрийн хэрэгцээ буюу хоол унд зэргийг тооцвол өдрийн 10650 төгрөг, ингээд жилдээ Монгол Улс 12.5 тэрбум төгрөг хоригдлуудад зарцуулдаг хэмээн УИХ-ын гишүүн Ц.Оюунбаатар хэллээ. Хэрэв хууль батлагдвал төсвийн нуруун дээр ирдэг хорих ангиудын зардлын мөнгө багасахаас гадна шинээр Налайх зэрэг газарт хорих анги барих шаардлагагүй болно гэж үзэж байгаа аж.

Энэхүү хуулийн төслийг дэмжиж одоогийн байдлаар УИХ дахь “Шударга ёс” эвслийн бүлгийн гишүүд бүгд, Ардчилсан намаас Б.Ганбат, Ж.Батзандан, Д.Арвин нар, Монгол Ардын намаас Д.Хаянхярваа, Б.Чойжилсүрэн, бие даагч гишүүдээс С.Ганбаатар нар гарын үсэг зурсан юм байна. Мөн хараахан гарын үсэг зурж амжаагүй байгаа ч дэмжиж байгаа гишүүдийг нийлүүлбэл 24 болох гэнэ.

Б.Баатар

Мэдээний линк: http://politics.time.mn/content/29273.shtml
LIKE дарж дэмжээрэй.
Түгээх
Сэтгэгдлийг ачааллаж байна ...