Эхлэл - Улс төр - Ерөнхийлөгч
Одоогийн үнэлгээ:
Үнэлэх:
Нийтлэгдсэн огноо: 2013 оны 2 сарын 4

Ц.Элбэгдорж: Монгол Улс Оюутолгой дээр хууль ёсныхоо байр суурийг эзэлье

УИХ-ын чуулганы сүүлийн хуралдаанаар Оюутолгойн асуудлаар Ерөнхий сайд нээлттэй мэдээлэл хийв. Ерөнхийлөгч оролцож, зарим зүй ёсны асуултад хариулт авч, байр сууриа илэрхийлсэн юм.

Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж: Нэмэлт хөрөнгө болгон яг хэдэн тэрбум ам.доллар босгох гээд байгаа юм бэ?

“Эрдэс-Оюутолгой” компанийн гүйцэтгэх захирал Ц.Сэдваанчиг:
6.6 орчим тэрбум ам.доллар. Нэмэгдээд байгаа нь хоёр тэрбум гаруй ам.доллар.

Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж:
Түүнийхээ 4 тэрбум гаруйг нь “Рио Тинто” авна гэсэн байна. Энэ  юу гэсэн үг вэ? “Рио Тинто” оруулсан хөрөнгөө нэмэлт хөрөнгө босголоо гэж авчихаад Монголын 34 хувьд ногдох хөрөнгөд хүү бодуулаад сууж байх юм уу?

Ц.Сэдваанчиг:
Одоо босгох гэж буй 4 тэрбум дээр яриад байгаа юм байна. Зургаан тэрбум гаруй доллар босгоод өнөөг хүртэл оруулсан 4 тэрбум доллараа буцаагаад авна гэж байгаа.

Уул уурхайн сайд Д.Ганхуяг: 34 хувьдаа хүү төлөх нь шударга бус л даа. Гэхдээ надтай уулзахдаа буцааж хөрөнгө оруулсан мөнгөө авах тухай яриагүй. Давос явсан хойгуур л тийм зүйл ярьсан. Ингэвэл мөнгө угаагаад аваад явсантай адил болно шүү дээ.

Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж: За тийм асуудал болохгүй гэж ойлголоо. Батбаяр сайд тайлбар хийгээдэх дээ.

Эдийн засгийн хөгжлийн сайд Н.Батбаяр: Сая ажлын хэсгүүд уулзсан юм. Тэгээд өгсөн зүйлд “Банкаар 6 тэрбум ам.доллар босгоё. 4-ийг нь “Рио Тинто” буцааж авна” гэсэн байна. Үлдсэн 2 тэрбум ам.долларыг хөрөнгө оруулалтад ашиглана. Нийтдээ хөрөнгө оруулалтын эх үүсвэрт 7.1 тэрбум хэрэгтэй. Түүнээсээ 2 тэрбумыг хасаад цаана нь дахиад 5.1 тэрбум ам.доллар хэрэгтэй гэж бас бичээд албан ёсоор өгчээ.

Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж:
Зардал өссөн гээд байгаа. 4 тэрбум 425 сая ам.долларыг анхны хөрөнгө оруулалт гэсэн байна. 2012 оны гүйцэтгэлээр 6 тэрбум 467 сая ам.доллар болж, 47 хувиар өссөн гэжээ. Энэ хугацаанд үйлдвэрийн удирдлага менежментийн төлбөр гээд 3 хувиа авсан. Анхны ТЭЗҮ-д заасан хөрөнгийг 47 хувиар өсгөж үргүй зардал гаргачихаад удирдлагынхаа шагнал, зардлыг аваад сууж байна. Энэ нь Монголын талд зардал болж ирж байгаа биз дээ?

Сайд Д.Ганхуяг: Энэ талаар гэрээнд тусгасан зүйл байхгүй. Менежментийн төлбөрийг өмнө нь “Ivanhoe Mines” компани зарцуулж байсан. Одоо “Оюу толгой” компани авч зарцуулах юм. Ямар компанид шилжүүлэх юм бэ, гэрээгээ аваад ирээч гэсэн боловч өнөөг хүртэл үзүүлээгүй.

Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж: Би тодорхой зүйл асуусан. Энэ нь Монголын талд ногдох 34 хувьд дарамт болох уу?

Сайд Д.Ганхуяг: Гүйцэтгэх удирдлагад нь манайх байхгүй учраас дарамт болохгүй.

УИХ-ын дарга З.Энхболд: Яалаа гэж, компанийн зардал учраас дарамт болох нь тодорхой шүү дээ.

Сайд Д.Ганхуяг: Ойлгомжтой шүү дээ, гэрээ нь тийм юм чинь. Манайд өр, зардал болоод л үлдэнэ. Монголын талд 100 хувийн ачаалал болж үлдэнэ.

Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж: Монголын талын 34 хувь нь энгийн хувьцаа гэж ойлгож байна. Зээл төлж дуусаагүй байхад энгийн хувьцаанд ногдол ашиг хуваарилахгүй гэсэн ойлголт байдаг. Тэгэхээр манайх 34 хувийн зээлээ хүүтэй нь төлөх юм бол 2019 онд дуусахаар байсан. Гэтэл нэмэлтээр дахиад 7, 14, 24 тэрбум гээд авах юм бол нөгөө зээлээ төлөөд ногдол ашиг хуваах хугацаа нь 2019 он биш 2033 он болж хойшилно. Энэ үнэн үү?

Сайд Д.Ганхуяг:
Энэхүү төсвийн нэмэлт хөрөнгө оруулалт нь 14.4 тэрбум ам.доллар байгаа тохиолдолд 2019 оноос ногдол ашгаа авах ёстой. Одоо хөрөнгө оруулагч талын хувьд энэ тоо 24.4 тэрбум ам.доллар болж өөрчлөгдсөн учир багаар бодоход 7 жилээр хойшилно. Ингэснээр таны хэлснээр 2033 он болж хойшлогдсон гэсэн үг.

Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж:
Анхны хөрөнгө оруулалт хэзээ дуусах вэ? Хөрөнгө оруулагчийн сонинд өгсөн ярилцлагыг харж байхад анхны баяжмал гарснаар дуусах юм шиг. Өнгөрсөн арванхоёрдугаар сард тууз хайчилсан шүү дээ.

Уул уурхайн сайд Д.Ганхуяг: Баяжмалын үйлдвэр баригдсанаар анхны хөрөнгө оруулалт дууссан байх ёстой. Баяжмалын үйлдвэрийн барилгын ажил дууссан. Одоо туршилтын ажиллагаа явуулж байгаа.

Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж: Өнөөдрөөр харахад 34 хувьтай Монголын ирээдүйд төлөх мөнгө 705 сая ам.доллар гэсэн үг үү?

Ц.Сэдваанчиг: Өнгөрсөн оны арванхоёрдугаар сарын 31-ний байдлаар шүү дээ. Дээрээс нь жил бүр хүү бодогдоно.

Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж: Ингээд бүгдээрээ нэгдмэл ойлголттой болох хэрэгтэй байгаа юм. Анхны хөрөнгө оруулалтын гэрээг ТЭЗҮ-д суурилж хийсэн. Гэтэл өнөөдөр сонсоод байхад ТЭЗҮ өөрчлөгдсөн байна. Энэ өөрчлөлтийг Эрдэс баялгийн зөвлөлд бүртгүүлсэн үү? 

Сайд Д.Ганхуяг: ТЭЗҮ-ийн асуудлыг хуульд ч, гэрээнд ч тэгж заасан. Аль нэг зардал нь өөрчлөгдсөн тохиолдолд Эрдэс баялгийн мэргэжлийн зөвлөлөөр батлуулах ёстой. Энэ шаардлагыг бидний зүгээс жил бүр тавьсан. Одоогийн байдлаар Эрдэс баялгийн зөвлөлөөр батлагдсан зүйл байхгүй.

Ерөнхийлөгчийн асуулт ард түмний хүсэн хүлээж байсан асуултууд байв. Энэ бүхний эцэст Ерөнхийлөгч ард түмний байнга хөндөн ирсэн асуудлуудаар байр сууриа илэрхийлж, Засгийн газарт чиглэл өгсөн. Тэрбээр “Оюу толгойн асуудлуудыг Монголын төр засаг гартаа барьж авч байгаа нь их чухал. Монгол Улс Оюу толгой дээр хууль ёсныхоо байр суурийг эзэлье. Одоо бид гадуур нь байгаа юм шиг яриад 34 хувьтай гээд байдаг. Ямар хувь хаана байгааг мэдэхгүй байдалтай байна. Оюу толгой Монголын нутаг дээр босч бүтээн байгуулалт хийгдлээ. Одоо хууль ёсны байр сууриа эзэлье” гэдгийг тов тодорхой хэлсэн.

Тэр мөн Оюутолгойн гүйцэтгэх удирдлагын багт монголчууд орох ёстой гэсэн. Санхүүгийн удирдлагад монгол хүн орох ёстой. Бараа бүтээгдэхүүн худалдан авалт, борлуулалтын хэлтэс, гэрээ эрх зүй, төслийн үйлчилгээний газар гээд монгол хүн боломжтой бүх удирдлагад оролцох хэрэгтэйг сануулсан. Түүнчлэн санхүүгийн үйл ажиллагааны хяналт, ил тод байдлыг ч шаардаж байв. Үнэндээ УИХ-ын гишүүд, Засгийн газар нь шаардаад ч Оюутолгойн хөрөнгө оруулалт нь яагаад нэмэгдээд байгааг мэдэж чадахгүй байгаа шүү дээ.

Монгол Улс үнэхээр л хуультай улс юм бол Оюутолгой зэрэг томоохон төслүүдээ хяналтдаа авахыг Монголын төрийн тэргүүн гэлтгүй жирийн иргэд ч хүсч байгаа нь нууц биш. Оюу толгойг удирдаж байгаа дарга нар дэлхийн жишгээс 2.5 дахин өндөр зардал гаргаж байгаа юм билээ. Үүнийг хүлээж авахгүй гэдгийг Ерөнхийлөгч хэлсэн. Үйлдвэрийн удирдаж буй дарга нар нь нийт орж байгаа хөрөнгийн 6 хувийг зарцуулж байдаг. Баялгийн эзэн Монгол улс нөөцийн төлбөрийн 5 хувийг л авч байгаа. Ийм байж болох уу?

Ерөнхий сайдын танилцуулснаар бүх зардлаа оруулж тооцоход 5.1 тэрбум ам.доллар болох байтал 7.1 тэрбум ам.доллар болчихлоо. Зардал 40 хувиар өсөхөд дагаад Монголын өр нэмэгдэнэ. Төслийн үйл ажиллагаа үргэлжлээд дуусахад 14.6 тэрбум доллар гарна гэж тооцож байсан чинь одоо хөрөнгө оруулагчдын саналаар 24.4 тэрбум доллар төлж байж, үүний өрийг Монгол Улс 2033 онд төлж дуусахаар болох нь. Тэгэхээр гэрээг эргэн харах цаг болжээ.

“Оюутолгой” бол Монгол Улсын газар нутаг дээр байгаа үйлдвэр. 1996 онд Оюу толгойн илэрц анх тогтоогдсон шүү дээ. Түүнээс хойш өнөөдрийг хүртэл монголчууд Оюутолгойгоос ашиг хүртсэнгүй. Бас Оюутолгой бол Эрдэнэттэй адилхан Монголд том соёл авчрах төсөл гэлцэж байсан. “Эрдэнэт” үйлдвэр Монголд их том соёл авчирсан. Үйлдвэрийн соёл, уул уурхайн соёл, түүгээр дамжсан олон мянган ажилчин, инженер, техникийн ажилтан гээд асар том соёлыг авчирсан. Харин “Оюутолгой” хангалтгүй л байна.

Зүгээр нэг баялгийг нь ороод дээрэмдээд аваад явчихдаг, тэгээд нөгөөдүүл нь дуугүй сууж байдаг, аль эсвэл эрх барьж байгаа хэсэг хүнтэй нь хуйвалдаад баялгийг нь цөлмөөд гараад явдаг тийм улс бол Монгол биш. Үүнийг ч Ерөнхийлөгч хэлсэн. Тэрбээр “Монгол Улс бол нээлттэй, ардчилсан, ард түмэн нь эрхээ шаардсан, төр нь ард түмнийхээ шаардлага, хүсэл зоригийг биелүүлэхийн төлөө ажилладаг улс. Бидний зовлон дээр тоглох хэрэггүй. Монгол Улс өөрөө зовлонтой улс. Хадны завсар хавчуулсан халиуны зулзага шиг. Бид гуравдагч хөршийн, гуравдагч талын хөрөнгө оруулалт Монголд орж ирэх ёстой гэж үздэг. Гэхдээ бидний энэ хүслийг бас дураараа ашиглах хэрэгсэл болгож хувиргаж болохгүй” гэсэн.

Ерөнхийлөгч мөн төслийн санхүүжилтэд маш их анхаарч бодитой болгох, Монголын банк санхүүгийн байгууллагаар үйлчлүүлдэг байх, бүтээгдэхүүнээ зөөх авто зам барих, эрчим хүчний тухайд Тавантолгойд барих цахилгаан станцаас цахилгаанаа авч байх, Ханбогд сумыг түшиглэн сургууль, цэцэрлэг, эмнэлэг барих, усны хангамжид анхаарч гүний биш гадаргын усыг ашиглах бодлого барих гээд эх орон, ард түмний эрх ашгийн төлөө үгээ хэлсэн. Энэ бүхний үр дүнд амралтын өдрөөр хуралдсан Засгийн газрын шийдвэрээр Оюутолгойн баяжуулах үйлдвэрээс экспортод гаргах зэс, алтны баяжмалд хөндлөнгийн хяналт тавих лаборитори байгуулахаар боллоо. Энэ бол ахиц. Стратегийн ач холбогдол бүхий зэс, алтны томоохон орд болох Оюутолгой энэ оны эхний хагаст зэсийн баяжмалаа экспортод гаргах боломжтой болоод байгаа. "Оюу Толгой" ХХК зэсийн баяжмалаа экспортод гаргахаар төлөвлөж буй энэ үед зэс, алтны баяжмалын дээжийг Монголын талын хөндлөнгийн хяналтын лабораториор баталгаажуулж, баяжмал дахь зэс, алт дагалдах бусад үнэт металлын агуулга, үнэ, экспортын бүтээгдэхүүний өртгийг тодорхойлж, бүтээгдэхүүнд тавих хяналтыг баталгаажуулах шийдвэрийг Засгийн газар гаргав. Ингэснээр баяжмалын борлуулалт, борлуулалтын орлого, татвараар улсын төсөвт орох орлого, өртөг зардал, ногдол ашгийн орлого зэргийг оновчтой, үр дүнтэй түвшинд байлгах боломжтой. Мэдээж энэ бүхэнд Ерөнхийлөгчийн үүрэг их юм. Ерөнхийлөгчийн хэлсэн зөвлөсөн бүхнийг Засгийн газар биелүүлэхэд анхаарах учиртай.

                                        М.Бүүвэй



Мэдээний линк: http://politics.time.mn/content/24667.shtml
LIKE дарж дэмжээрэй.
Түгээх
Сэтгэгдлийг ачааллаж байна ...